Дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо өдөрт анх удаа хагас саяар нэмэгдлээ
Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо өдөрт анх удаа 500 мянга гаруйгаар нэмэгджээ.
Дэлхийн хэмжээнд халдварын нийт тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 25 орчим хувиар өсөөд байна. Өнгөрсөн баасан халдварын тохиолдлын тоо өдөрт анх удаа 400 мянгаар нэмэгдсэн юм.
Өрнөдийн дийлэнх орон, Латин Америкийн хэд хэдэн улсад сүүлийн хэдэн долоо хоногт халдвар авсан хүний тоо урьд бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор олон Засгийн газар халдварын тархалтыг хяналтад авах хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 44.7 сая хүн халдвар авч, 1.17 сая орчим хүн нас баржээ. Түүнээс халдварын тохиолдлын 66 гаруй хувь, нас барсан тохиолдлын 76 гаруй хувь нь Европ, Хойд Америк, Латин Америкт бүртгэгдсэн байна.
“Reuters” агентлагийн мэдээллээр, Европт өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоног гаруйн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, лхагва гарагт анх удаа 250 мянган хүнээс халдвар илэрчээ. Тус тивд 9.5 сая орчим хүн халдвар авч, 261 мянга орчим хүн нас баржээ.
Энэ сард Европт цар тахлыг хяналтад авахын тулд шинэ хязгаарлалтуудыг хэрэгжүүлсэн нь олон аж ахуй нэгжийг үйл ажиллагаагаа хязгаарлахад хүргэсэн тул Евро бүсийн эдийн засгийн үйл ажиллагаа дахин буурсан байна.
Дэлхийн улс орнуудаас халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоороо нэгдүгээрт бичигдэж буй АНУ-д 8.9 сая орчим хүн халдвар авч, 228 мянга орчим хүн нас баржээ. АНУ-д өнгөрсөн баасан гарагт халдварын тохиолдлын тоо 84169-өөр нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
АНУ-д одоогоор халдвар авсан хүний тоо өдөрт дунджаар 500 мянгаар нэмэгдэж байгаа бөгөөд “Reuters” агентлагийн тооцооллоор, Америкийн бүх иргэн амны хаалт зүүхгүй байх тохиолдолд халдвараар нас барсан хүний тоо ирэх хоёрдугаар сар гэхэд 500 мянга давж болзошгүй байна.
Азид халдвар авсан хүний тоо өнгөрсөн бямба гарагт 10 сая давжээ. Хэдийгээр Азийн орнуудад халдварын үзүүлэлтүүд буурч байгаа боловч Энэтхэгт халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байна.
Дэлхийд хүн амын тоогоороо хоёрдугаарт бичигддэг Энэтхэг нь халдварт хамгийн их нэрвэгдсэн орнуудын мөн л хоёрдугаарт жагсаж байна. Өдөрт дунджаар халдварын 48 мянга орчим тохиолдол бүртгэгдэж буй тус улсад 8 сая орчим хүн халдвар аваад байна.
Ойрхи Дорнодын орнуудаас Иранд халдвар хамгийн их тархжээ. “Иранд гурван минут тутам нэг хүн нас барж байна” гэж тус улсын төв телевиз мэдээлжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.