“Монгол Улсын виз олгох журам”-ын төслийг хэлэлцэж, шинэчлэн баталлаа.

“Монгол Улсын виз олгох журам”-ын төслийг хэлэлцэж, шинэчлэн баталлаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Монгол Улсын виз олгох журам”-ын төслийг хэлэлцэж, шинэчлэн баталлаа.

Шинэчлэн батлагдсан журмаар Монгол Улсын визийн ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлэн, гадаадын иргэдэд 9 бүлэг 64 ангиллын виз олгохоор боллоо.

Тухайлбал, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух гадаадын иргэнд хуулиар “HG” ангиллын виз олгож байсныг өөрчилж, хөдөлмөр эрхлэх салбар тус бүрээр нь ангилан 11 төрлийн виз олгох юм. Ингэснээр гадаадын иргэн хөдөлмөрийн мөлжлөгт өртөх болзошгүй эрсдэлийг бууруулах, заасан чиглэлээсээ өөр газар хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчлийг шийдвэрлэх нөхцөл бүрдээд байна.

Түүнчлэн бусад улс орны жишигт нийцүүлэн соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдэв.

Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох, хил орчмын жуулчинд өдрийн виз олгох асуудлыг журамд шинээр тусгаж оруулсан бөгөөд олон улсын жишиг, өөрийн орны онцлогийг харгалзан үзэж эхний удаад жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх ангиллын визийг цахимаар олгож эхлэхээр боллоо.

Ийнхүү визийн ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэний Монгол Улсад зорчих зорилгод нь тохирсон виз олгох, визийн талаарх статистикийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, визийг шуурхай олгох боломжтой болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.