Ирэх сарын 1-нээс ХБНГУ, Япон, БНСУ-аас иргэдээ татна
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. /2020.03.25/
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "УОК-ын Шуурхай штабынхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаа. Эдгээр аймгуудад 2020 оны гуравдугаар сарын 24, 25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан. 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу ажиглалтаас гаргасан.
2020 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах ажиллагааны нислэгийн багт ХӨСҮТ, МХЕГ-ын байцаагч нар болон холбогдох эмч мэргэжилтнүүдийг томилон ажиллуулах шийдвэр гарсан" гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Гуравдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод халдваргүйтлийн ажил хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2335 метр квадрат зам, 117 мянган метр талбайг ариутгасан байна. Өнөөдөр Баянзүрх, Налайх дүүрэгт ариутгал хийж байна. Нийслэлд хоёр, гурав гэсэн дарааллаар дахин халдваргүйтэл хийнэ.
Улаанбаатараас орж гарах хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа бөгөөд авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод Нийслэлийн цагдаа, ОБЕГ, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газрууд хамтран эрүүл мэндийн байгууллагын чиглэлийн дагуу ажиллаж байна. Иргэдээс авч байгаа асуумж мэдээллийг цаашид эрсдэл үүсэхэд ашиглах учир цааргалалгүй, дэлгэрэнгүй өгөхийг уриалж байна" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.