БНСУ-ын Ерөнхийлөгч ард түмнээсээ хүлцэл өчжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч ард түмнээсээ хүлцэл өчжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Итэвон дүүрэгт болсон харамсалтай явдалтай холбогдуулан ард түмнээсээ өнөө өглөө хүлцэл өчөөд, хэрэг явдлыг сайтар мөрдөн шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгджээ.

Өнгөрсөн 10 дугаар сарын 29-нд 156 хүний амь насыг авч одсон эмгэнэлт явдлаас улбаалан цугласан олонд хяналт тавих тэргүүтэй аюулгүй байдлын бусад дүрэм журмыг хянан үзэх асуудлаарх уулзалтын үеэр Юн Сок Ёл ийнхүү хүлцэл өчсөн байна.

“Хүүхдүүдээ алдсан эцэг эхтэй өөрийгөө харьцуулж зүрхлэхгүй байгаа ч ард түмний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах ёстой ерөнхийлөгчийн хувьд харамсаж, зүрх минь шимширч байна. Үгээр хэлэхийн аргагүй эмгэнэлт явдалтай нүүр тулсан ар гэрийнхэн болон уйтгар гунигийг хуваалцаж буй ард түмнээсээ хүлцэл өчиж, харамсан гашуудаж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Хэдийгээр Ерөнхийлөгч амиа алдагсдыг оршуулах ёслолын үеэр хүлцэл өчсөн ч ард түмнээсээ анх удаа албан ёсоор хүлцэл өчиж буй нь энэ болж байна. Тэрбээр эмгэнэлт явдлын үр дагаврыг хариуцлагатайгаар зохицуулж, улс орноо илүү аюулгүй болгохын төлөө одоогоор баримталж буй гамшгийн болон аюулгүй байдлын зохицуулалтуудыг сайжруулахыг Засгийн газарт дахин уриалжээ.

“Ялангуяа ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд цагдаагийн байгууллагын эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга барилд томоохон шинэчлэл хийх шаардлагатай байна. Миний бие энэ эмгэнэлт явдлын үнэн мөнийг сайтар тогтоож, эргэлзээ төрүүлэхгүйн тулд ил тод байдлаар олон нийтэд мэдээлэх болно” гэж тэрбээр онцлон хэлсэн.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.