БНСУ-д битүү орчинд амны хаалт зүүх журмыг цуцална.
БНСУ-д битүү орчинд амны хаалт зүүх журмыг нэгдүгээр сарын 30-наас цуцлахаар төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхий сайд Хан Док Су өнөөдөр мэдэгджээ.
Ингэснээр улсын хэмжээнд өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо буурч буй энэ үед цар тахалтай тэмцэх сүүлийн хязгаарлалтаа цуцлах юм. Гэхдээ эмнэлэг, эмийн сан, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг үргэлжлүүлэн мөрдөнө.
БНСУ-ын Засгийн газар битүү орчинд амны хаалт зүүх журмыг үе шаттайгаар цуцлах дөрвөн шалгуурыг өмнө нь танилцуулаад байв. Үүнд халдварын шинэ тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдах, хүндээр өвчилсөн, нас барсан тохиолдлын тоо буурах, эмнэлгийн хариу арга хэмжээ авах чадвар сайжрах, хүн амын эрсдэлтэй бүлгийн дунд вакцинжуулалтын түвшин нэмэгдэх зэрэг багтсан байна.
“Засгийн газар амны хаалт зүүх журмыг нэгдүгээр сарын 30-ны өдрөөс сулруулах төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ” гэж Хан Док Су коронавирусний халдварын тархалттай тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, хүн амын эрсдэлтэй бүлгийн дунд вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэхээс бусад гурван шалгуур хангагдсан байна.
Цагаан сарын баярын үеэр иргэд олноороо цугладгийг харгалзан дээрх товыг тогтоосон гэдгийг Ерөнхий сайд онцлоод, баярын дараа, мөн амны хаалт зүүх журамд өөрчлөлт оруулсны дараа өвчлөл түр зуур нэмэгдэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг холбогдох албаныханд уриалжээ. Мөн өндөр настнуудад хандан вакцинд хамрагдахыг уриалсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.