Эмүжин: Оюунчимэгээр онжигоо арчуулах уу?

Эмүжин: Оюунчимэгээр онжигоо арчуулах уу?

Доржхандын замаар явах уу, Оюунчимэгээр онжигоо арчуулах уу?

За яг л энэ шүү дээ. Монголын төр 30 жил төөрөлдсөний эцэст, монголчууд 30 жил поп амлалтанд хоосон пологтож, хоолоор хууртсаны эцэст энэ хоёр сонголтын өмнө тулж ирээд байгаа нь үнэн шүү дээ. УИХ-ын дарга нь хүртэл " Поп поп гэхэд арай л юм биш үү" хэмээн аргаа барж суухад гишүүд нь ангайлгаж байгаад айлуудын жорлонгийн асуудлыг төр шийдэх болгочихлоо. Гэтэл нөгөө талд нь ХҮН-ын дарга, нөгөө бангладешээр нь балбаад байдаг Т.Доржханд "Хойд Солонгос байгуулах гээ юү, төр эдийн засгийнхаа 70 хувийг атгаж, гүйцэтгэж, татвар төлж байхад яаж бодлого ярих юм бэ, нүхэн жорлон яриад сууж байх ч гэж дээ" хэмээн чуулганыг хаялаа. Иргэд болон хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж олгож, эдийн засгаа чөдрөөс нь чөлөөлөх талд энэ нөхөр бат зогсоод байгаа юм л даа. Монголын төр бодлогын болон үйлдлийн ийм хоёр асар зөрүүтэй, үзэл бодлын маш их зөрчилтэй зам дээр гацчихаад байна. Оюунчимэгийг дагавал төр автобусны тасалбараас эхлээд хоол, тэтгэмж өгнө, тараана, бэлэглэнэ, сүүлдээ жорлонг чинь барьж өгөөд, дотор нь зогсож байгаад баастай онжигыг чинь бялууртал арчиж нялуурна. Гэвч эцэстээ нөгөө жорлондоо бөөнөөрөө унана, улс орноороо улдана, баастайгаа барьцалдаад нам гацна, таг зогсоно. Хийдэг цөөхөн хүний нуруун дээр хийрхдэг улстөрчид данхайтал оршино, дагаад улс ганхана. Харин Доржхандын замаар явбал иргэн бүр үйлдвэрлэгч, бүтээгч болж, зохих татвараа төлж, төр аж ахуйд орооцолдож, мөнгөнд гар дүрэхээ больж, зөвхөн хуулиа баталж, бодлогоо чиглүүлнэ. Ийм л ялгаа байгаа юм. Их том ялгаа, өнөөдөр инчийн төдий зөрөхөд ирэх он жилүүдэд тэр нь хөгжил ба мөхөл гэсэн хоёр өөр туйлд хүргэх хорлонтой том ялгаа гэсэн үг. Дашрамд, М.Оюунчимэг Ленинградад сэтгүүлчээр төгссөн, Америкт энэ чиглэлээр номын дуу сонссон, ММ агентлагт ажиллаж байгаад 2009 оноос МАН-ыг бараадаж, нам дагаж явсаар 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Т.Доржханд төрийн эдийн засгийн бодлогоор Японд суралцаж, төрийн санхүүгээр Монголд мэргэжил эзэмшсэн. Оксфордод санхүүгийн онолоор, Харвардад төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чиглэлээр үргэлжлүүлэн боловсрол эзэмшсэн, ОУВС-д Ази номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөхийн алба хашиж байгаад Монголдоо ирж, Сангийн яаманд арав гаруй жил мэргэжилтнээс эхлэн ажилласан. Хоёр өөр бодлого, хоёр өөр алсын хараа, хоёр өөр үзэл бодол, хоёр өөр төлөвшил, хамгийн гол нь монголчуудын өмнө дурайж байгаа хоёр өөр салаа зам ийм л байна даа. За би бол удахгүй 00-ын цаас ч үгүй болчихоод улдахаа мэдэж байгаа болохоор Оюунчимэгээр онжигоо арчуулмааргүй байна аа, ямар нүцгэн гараар нь цэвэрлүүлэлтэй биш дээ. Занданшатарын хэлснээр поп поп гэхэд дэндүү бохир поп тэр болох биз. Бангладеш хочтой гишүүний замаар явах гэхээр халамжийн бодлогод хавтгайдаа бойжсон нийгэм нэг хэсэгтээ хөл алдана, хөрс дагаж гулгана. Энэ хоёр маань нийлчихдэггүй юм болов уу, тэгвэл тэг дундуур нь тээг багатай урагшилж байгаад учраа олж болдоггүй л хорвоо юм байх даа. За яршиг, цуйвангаа сэгсрэхээс...

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.