БНАСАУ Зэвсэгт хүчин байгуулагдсаныхаа 90 жилийг ойг тохиолдуулан цэргийн парад зохион байгуулсан
БНАСАУ Зэвсэгт хүчин байгуулагдсаныхаа 90 жилийг ойг тохиолдуулан даваа гаргийн орой цэргийн парад зохион байгуулсан талаар БНСУ-ын цэргийн эх сурвалж мэдээлжээ. БНАСАУ-ыг энэ өдөр АНУ-ын эсрэг чиглэсэн өдөөн хатгалга явуулж болзошгүй гэж таамаглаж байжээ.
Пёньян ойн баярыг тохиолдуулан тив алгасагч баллистик пуужин хөөргөх юм уу цөмийн долоо дахь туршилтаа явуулах вий гэсэн болгоомжлолтой холбоотойгоор АНУ, Япон, БНСУ хяналт ажиглалтаа чангатгаад байсан юм.
Ням гарагт БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНАСАУ Солонгосын ардын хувьсгалт арми буюу одоогийн Солонгосын ардын арми байгуулагдсаны ойг тохиолдуулан цэргийн томоохон парад зохион байгуулах төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун үг хэлсэн байж магадгүй байгаа цэргийн парадыг Солонгосын төв телевизээр мягмар гарагт дамжуулан үзүүлэх төлөвтэй байна.
БНАСАУ “Нарны баяр” гэгддэг ард түмний хамгийн том баяр болох удирдагч агсан Ким Ил Соны мэндэлсний 110 жилийн ойгоор буюу дөрөвдүгээр сарын 15-нд цөмийн болон тив алгасагч баллистик пуужингийн туршилтаас гадна цэргийн парад хийгээгүй юм. Тус улс нь 5, 10 жилийн ойд ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулдаг.
Гуравдугаар сарын 24-ний өдөр БНАСАУ 2017 оны 11 дүгээр сараас хойш анх удаагаа тив алгасагч баллистик пуужин туршсан нь 2018 оны дөрөвдүгээр сараас хойш зогсоогоод байсан ийм пуужингийн туршилтаа үргэлжлүүлсэн явдал болсон юм.
Энэ оны эхээр Пёньян мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай итгэлцлийг бий болгох үүднээс түр зогсоогоод байсан бүх “үйл ажиллагаагаа” сэргээж магадгүй гэдгээ мэдэгдээд, Вашингтонд “дайсагнасан бодлогоо” зогсоохыг уриалсан байна.
Гэсэн хэдий ч БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн баасан гарагт, Ким Жөн Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар захидал солилцож, талууд “тууштай хүчин чармайлт гаргасан тохиолдолд” Солонгос хоородын харилцаа “сайжирна” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн талаар мэдээлсэн юм.
БНСУ болон АНУ хаврын хамтарсан цэргийн сургуулилалтаа эхлүүлснээс хэдхэн хоногийн дараа дээрх мэдээ гарчээ. БНАСАУ-ын хувьд уг сургуулийг дайны “бэлтгэл” хэмээн шүүмжилдэг.
Гэхдээ Пёньян ойрын хугацаанд цөмийн туршилт юм уу АНУ-ын нутаг дэвсгэрийн хаана ч тусах хүчин чадал бүхий цөмийн цэнэгт хошуутай тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийж магадгүй гэх таамаг байсаар байна.
Дөрөвдүгээр сарын 17-нд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун “шинэ төрлийн тактикийн зэвсгийн” туршилтыг ажиглан явуулжээ. Зарим шинжээчийн үзэж буйгаар тус улс хязгаарлагдмал цохилтод ашиглаж болох тактикийн цөмийн зэвсгийг туршиж магадгүй байна.
Өмнөд Солонгосыг АНУ-ын тэргүүлсэн НҮБ-ын хүчнүүд, Умард Солонгосыг Хятад, ЗХУ дэмжиж байсан 1950-1953 оны Солонгосын дайн найрамдлын гэрээ бус түр эвлэрэх гэрээнд гарын үсэг зурснаар дууссан учир АНУ, БНАСАУ нь нь техникийн хувьд дайны байдалд байгаа юм.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.