БНСУ-д энэ оны хоёрдугаар сард шинээр төрсөн хүүхдийн тоо дахин хамгийн бага үзүүлэлтэд хүрэв.

БНСУ-д энэ оны хоёрдугаар сард шинээр төрсөн хүүхдийн тоо дахин хамгийн бага үзүүлэлтэд хүрэв.

БНСУ-д энэ оны хоёрдугаар сард шинээр төрсөн хүүхдийн тоо дахин хамгийн бага үзүүлэлтэд хүрснийг тус улсын Статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан тайлан харууллаа.

Тодруулбал, улсын хэмжээнд хоёрдугаар сард 20 654 хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 3.2 хувиар буурснаас гадна энэхүү үзүүлэлтийг 1981 оноос бүртгэж эхэлснээс хойших хоёрдугаар сарын хамгийн бага үзүүлэлт болжээ.

БНСУ-д эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарч, орон сууцны үнэ огцом өсөж байгаатай холбоотойгоор залуучууд гэрлэх, хүүхэдтэй болохоо хойш тавих, улмаар цааргалах болсон нь шинээр төрөх хүүхдийн тоо буурахад нөлөөлөх болсон юм.

БНСУ-д төрөлтийн коэффициент буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо 2021 онд өмнөх оныхоос 0.03-аар буурч, 0.81-д хүрсэн нь түүхэн доод үзүүлэлт болжээ. Ингэснээр төрөлтийн коэффициент сүүлийн дөрвөн жил дараалан нэгээс доошилж буурсан байна.

Харин хүн амын хурдацтай насжилт болон “COVID-19” цар тахлаас шалтгаалан хоёрдугаар сард нас барсан хүний тоо 12 сар дараалан өссөн байна. Тухайн сард 29 189 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 22.7 хувиар өсжээ. Энэ нь уг тоон үзүүлэлтийг 1983 оноос бүртгэж эхэлснээс хойших хоёрдугаар сард бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт, мөн жилийн өмнөхөөс хамгийн их өссөн үзүүлэлт болжээ.

Статистикийн хорооны мэдээллээр, БНСУ-ын хүн ам хоёрдугаар сард 8535-аар буурснаар 28 дахь сардаа дараалан буурсан байна. Тус улсад 2020 онд нас баралт нь төрөлтийг давснаар анх удаагаа хүн амын ердийн цэвэр бууралт гарсан бол өнгөрсөн онд нийт хүн амын тоо анх удаагаа буурчээ. Үүнд төрөлт буурсан, хүн ам хурдацтай насжиж байгаа, цар тахлын улмаас хилийн чанадаас ирэх гадаадын иргэдийн тоо буурсан зэрэг нь нөлөөлсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.