Дэлхийд 463 сая оюутан, сурагч цахим сургалтад хамрагдах боломжгүй
Коронавирусний цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад сургуулиуд үүдээ бариад буй энэ үед дэлхий дахинд нийт 463 сая оюутан, сурагч цахим сургалтад хамрагдахад шаардлагатай цахим хэрэгсэлгүй байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд онцолжээ. Олон сарын турш оюутан, сурагчдын сургалт тасалдаад байгаа нь дэлхийн боловсролын салбарт гарч буй онц байдал бөгөөд энэ нь ирэх олон арван жилд эдийн засаг болон нийгэмд тусгалаа олох болно гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенритта Фор мэдэгджээ.
НҮБ-ын тооцоолсноор, дэлхий дахинд нийт 1.5 тэрбум хүүхдийн сургалт цар тахлын улмаас тасалдаад байна. Зайны сургалтад хамрагдах боломж газар зүйн байрлалаас шалтгаалан эрс тэс байна. Европтой харьцуулахад Африк, Азийн зарим улс оронд хүүхдүүд зайн сургалтанд хамрагдах боломж муу байна. Тухайлбал, Зүүн болон Өмнөд Африкт нийт 67 сая, Баруун болон Төв Африкт нийт 54 сая, Номхон далай, Зүүн Азийн бүсэд 80 сая, Ойрх Дорнод болон Хойд Африкт 37 сая, Өмнөд Азид 147 сая, Латин Америк, Карибын орнуудад 13 сая хүүхэд цахим сургалтад хамрагдах боломж үгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.