Дэлхийн ууган компаниуд Японд байдгийн учир

Дэлхийн ууган компаниуд Японд байдгийн учир

Япон улсад нэгэн зууны настай 33 мянган бизнес байдаг. Тэд он цагийн шалгуурыг туулж, Японы ирээдүйд ямар үр нөлөөтэй вэ?

Япон улс өөрчлөгдөж байна. Хурдацтай хөгширч буй нийгэм, далайн чанадаас тус улсыг зорих гаднынхны асар их урсгал, асар олон тооны робот. Японы залуу үе ирээдүйн улс орноо хэрхэн бүтээж байна вэ?

Японы эртний нийслэл Киото хотын захын “Tsuen Tea” цайны өргөө. Онцгой содон сүм хийд, цэцэрлэгт хүрээлэнгээр алдартай Киото хотод энэ өргөө гойд ялгарахгүй. Мөхөөлдөс идэн, ногоон цай таалан уух буйдхан газар. Гэхдээ “Tsuen Tea” цайны өргөөг онцгой болгодог нэг зүйл бий. Эл өргөө 1160 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дэлхий дээрх хамгийн эртний цайны ордон. “Бид цайны соёлоор дагнаж, бизнесээ хэт их өргөжүүлээгүй. Тийм ч учраас он цагийн шалгуурыг давсаар ирсэн” хэмээн “Tsuen Tea” өргөөний эзэн 38 настай Юсүкэ Цүэн ярина.

Уламжлал, гар урлалаараа алдартай хотод 900 настай цайны ордон өнөөдрийг хүртэл оршин тогтносон нь тийм ч сонин содон биш. Харин эртний түүхтэй нь зөвхөн “Tseun” биш гэдэг нь сонирхол татна. 2008 онд Өмнөд Солонгосын Банкны тайланд 41 улс оронд 200 дээш настай 5586 компани байдгаас 56 хувь нь Японд үйл ажиллагаа явуулж буй тухай статистикийг дурдсан байдаг. Японы “Teikoku Data Bank” судалгааны компанийн мэдээллээс үзвэл, 2019 онд тус улсад нэг зууны түүхтэй 33 мянган бизнес үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн хамгийн эртний зочид буудал Яманаши мужид МЭ 705 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бол Киото хотноо “Ichimonjiya Wasuke” чихрийн үйлдвэр 1000 оноос хойш амттан борлуулсаар иржээ. Осака хотод төвтэй “Takenaka” барилгын компани 1610 онд үүсэн байгуулагдсан бол дэлхийд алдартай “Suntory”, “Nintendo” Японы брэндүүд 1800-аад онд бий болжээ. Өнө удаан жилийн настай бизнесийг бий болгосон Япон гэх ямар улс бэ? Даяаршлын энэ эрин үед шинэ тутам стартап гэрлийн хурдаар хил хязгаарыг тэлж буй энэ цаг үед эдгээр буурал түүхтэй бизнес бидэнд юу сургах вэ?

Уламжлалыг дээдлэх нь

Киотогийн их сургуулийн профессор Ёшинори Харагийн хэлснээр, дор хаяж нэг зуун жилийн түүхтэй эртний компаниудыг “шинизэ” буюу үгчилбэл “хуучин дэлгүүр” хэмээн олны дунд нэрлэдэг гэнэ. Японы компаниуд богино хугацаанд ашиг орлогоо нэмэгдүүлэхээс илүү тогтвортой байдлыг чухалчилдаг нь эртний компаниудын олноороо оршин тогтнож үлдсэний нууц оршдог гэж Цахиурын хөндийд арваад жил ажилласан Хара профессор онцолжээ. Япончууд компаниа хэрхэн өөрийн хойч үе, үр хүүхэд, ач гучдаа үргэлжлүүлэн өвлөхөд хамгийн их анхаарлаа хандуулдаг гэж тэрбээр тайлбарлаж байна.

Юсүкэ Цүэний бага насных нь найз нар мөн л олон зуун жилийн компани ажиллуулдаг гэр бүлд төрсөн гэнэ. Түүний хувьд гэр бүлийн бизнесээ залгамжлах нь асуудал байгаагүй аж. “Энэ бол миний эхлүүлсэн бизнес бус. Би өвөг дээдсийнхээ эхлүүлсэн бизнесийг эрхэлж байна. Хэрэв би үүнийг үргэлжлүүлээгүй бол энэ өв устаж алга болох байсан” гэж тэрбээр ярьжээ. “Намайг цэцэрлэг, дунд сургуульд явж байхад ирээдүйд хэн болох тухай асуудаг байсан. Би энэ бизнесийг залгамжилна гэж боддог байсан. Энд гайхах зүйл байгаагүй” гэж тэрбээр учирлажээ. Японы хот суурингууд ч мөн олон зуун жил оршиж ирсэн тул дээр үеэс үйл ажиллагаа явуулж буй ийм олон тооны компани байгаа нь гайхах зүйл биш. Харин Их Британийн Варвикийн их сургуулийн бизнесийн сургуулийн дэд профессор Иннан Сасаки Японы онцлогтой холбоотой хэд хэдэн шалтгаан үүнд бий гэж үзэж байна. Тухайлбал, уламжлал, өвөг дээдсээ хүндэтгэн, дээдлэх соёл. Япон улс арлын орон тул бусад улс оронтой харьцангуй хязгаарлагдмал харилцаатай байсан тул арлын үндэстэн байгаа зүйлээ аль болох урт удаан хугацаанд хадгалан авч үлдэх хүсэл, зорилготой холбоотой гэж тэрбээр тайлбарлажээ.

Эртний компаниудын ихэнх нь “Tsuen Tea” цайны өргөөтэй нэгэн адил жижиг болон дунд гэр бүлийн бизнес байдаг. “Suzuki Motors”, “Panasonic” зэрэг зарим компаниуд бизнесээ тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор эрэгтэй ажилчдаа гэр бүлийн гишүүн болгон үрчилж авдаг явдал ч ихээхэн дэлгэрчээ.

 

Онцгой ур чадвар, үйлчилгээ

Киото хотын хаа нэгтээ “Tseun Tea” цайны өргөө шиг эртнийх биш ч хэмжээгээр хамаагүй том бас нэгэн “шинизэ” компани байдаг нь “Nintendo” видео тоглоомын компани юм. Энэ компани 1985 онд цахим тоглоомоороо хувьсгал хийж, дэлхийд алдаршсан. Гэхдээ энэ компани үүнээс олон жилийн түүхтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. “Nintendo” 1889 онд үүсэн байгуулагдсан. Тухайн үед эл компани Японы ханафүда гэх тоглоомд зориулж хөзөр үйлдвэрлэдэг байжээ. Ханафүда гэх тоглоом анх XVI зуунд Португалиас тус улсад орж ирсэн түүхтэй. “Nintendo” компани нэг зүйлийг дагнан хөгжүүлж, туршлагажихын том жишээ. Энэ бол технологи, тэр бүү хэл дэлхий өөрчлөгдөж байхад тухайн компанийн оршин тогтнож үлдэхийн гол үзэл санаа юм. Профессор Харагийн хэлснээр, Японы эмэгтэйчүүд уламжлалт кимоно тэр болгон өмсөхөө больсон өнөө цагт кимоно үйлдвэрлэгч компаниуд мөн тэсэж үлдэхийн тулд тэмцэж байна. Киото хотод 1688 онд байгуулагдсан “Hosoo” кимоно үйлдвэрлэгч компани үйл ажиллагаагаа нүүрс төрөгчийн утас үйлдвэрлэлээр өргөжүүлж, 3D нэхээсийг өөрийн брэнд болгон хөгжүүлж байна.

Киото хотод өнө удаан жилийн настай бизнесүүд “омотэнаши” гэх хэрэглэгчдийн үйлчилгээг уламжлуулан, хөгжүүлсээр иржээ. Японы бизнесийн хувьд өндөр түвшний үйлчилгээ хамгийн чухал. Үйлчлүүлэгчдийн хүсэлтийг биелүүлэх нь тэдний хувьд маш чухал. Учир нь тэд тогтвортой байдлынх нь баталгаа болдог.

Инновацийн хувьд хэр вэ 

Хэдийгээр тогтвортой байдлыг эрхэмлэдэг энэ уламжлал стратап компаниудын хувьд учир дутагдалтай ч байдал өөрчлөгдөж байна. Стартап ертөнц “шинизэ” компаниудтай харьцуулбал нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тал дээр хүндрэлтэй тулдаг аж. Бусад улс оронд стартап компанийн үүсгэн байгуулагчдын алдааг үнэтэй туршлага хуримтлуулсан гэж үнэлдэг бол Японд алдаа, эрсдэлийг даван туулах гэж тэмцдэг гэж Токиод төвтэй боловсролын технологийн стартап компанид ажилладаг 27 настай Мари Мацузаки ярьж байна. Массачусетсийн технологийн дээд сургуулийн профессор Майкл Кусумано үүнтэй санал нэг байна. Японд компаниа татан буулгах эсвэл худалдах нь ичгүүртэйд тооцогддог бөгөөд энэ үзэл олон зуун жилийн улбаатай гэж найман жил Японд ажиллаж, амьдарсан Кусумано онцолжээ. Энэ соёл компаниудыг тогтвортой ажиллах бас нэг түлхүүр юм. Японы нийгэм, эдийн засаг АНУ-ынх шиг уян хатан бус. Тиймээс Японд томоохон компани шинэ тутам гарч ирэх нь туйлын ховор байдаг. Гэхдээ “шинизэ” компаниудыг ч хүндрэлүүд тойрон гардаггүй. Аль 578 онд байгуулагдаж байсан “Kongo Gumi” компани 1400 жил үйл ажиллагаа явуулсны эцэст 2006 онд өрөнд орж, татан бууж байв. Ирээдүйд бизнесийн энэ хоёр загварыг хослуулснаар амжилтад хүрнэ гэдэгт Мари Мацузаки итгэдэг аж. “Шинизэ” компаниуд нөөц, нэр хүнд, хүчтэй харилцаа холбоо зэрэг давуу талтай. Стартап компанийн шинэ технологи, шийдвэр гаргах хурдыг “шинизэ” компанитай хослуулснаар Японы ирээдүйн хүчтэй зэвсэг болно гэж тэрбээр итгэлтэй байна. Харин “Tsuen Tea” компанийн эзэн Цүэнд ийм ирмүүн зорилго үгүй. “Би энд тохиолдлоор төрсөн. Миний өвөг дээдэс цайны бизнес хийж, би үүнийг нь өвлөн авсан. Надад компаниа томруулж, тэлэх, дэлхийн зах зээлд гаргах зорилго байхгүй. Миний хувьд энэ бизнесийг үргэлжлүүлэх л хамгийн чухал” гэж тэрбээр ярина.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.