Захирамж зөрчсөн иргэнийг 1.5 сая, байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 945 бар цэнгээний газар, 310 дэн буудал, 69 амралтын газар, 87 саун, 59 фитнесс, 321 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож байгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.
Тэрбээр “Хэрэв захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг нэг сая 500, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэв.
Дэлхийн 37 улсад тархаж, иргэдэд агаар дуслын замаар халдварлах аюулыг буй болгоод байгаа шинэ коронавирусын /COVID-19/ халдварт өвчний тархалт хөрш зэргэлдээх улс орнуудад буурахгүй байгаатай холбогдуулан нийслэлд авах арга хэмжээг тогтоохоор Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гаргасан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.