Гашуунсухайтын хилийн боомтын нүүрс экспорт өчигдрөөс сэргэв.
Тус боомтоор гарч буй тээврийн хэрэгслүүдийг ариутган халдваргүйжүүлж, ажилчдыг хамгаалах хэрэгслээр хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж эхэлсэн байна. Шаардлагын дагуу гурван компанийн 70 автомашиныг хилээр нэвтрүүлжээ.
Улсын онцгой комиссын шийдвэрлэснээр Гашуунсухайтаас гадна Шивээхүрэн гэсэн хилийн хоёр боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх тооцоо гарсан. Хилийн боомтоор гарсан тээврийн хэрэгслийг өдөртөө буцан оруулж ирэх шаардлага тавьж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих, жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах, халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхааруулжээ.
Статистик мэдээллээр, Монгол Улс энэ он гарсаар 2.9 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар бага буюу 2.58 сая тонноор буурсан үзүүлэлт болсон. Энэ нь коронавирусний тархалтаас сэргийлэх зорилгоор нүүрсний экспортыг өнгөрсөн сарын 10-наас хойш зогсоосонтой холбоотой юм. Гашуунсухайт боомтын нүүрс тээвэр хэвийн үргэлжилж эхэлсэнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар газар дээр нь ажилласан байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.