Оросын тусламжийн 14 дэх онгоц Италид газардлаа
ОХУ Италид коронавирусний халдвартай тэмцэхэд нь буцалтгүй тусламж үзүүлж байгаа билээ. Оросын тусламжийн 14 дэх "Ил-76" онгоц Италид газарджээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Италид тусламж нийлүүлэх агаарын хүчний багийг энэ сарын 21-нд томилсон юм. Оросын цэрэг-сансрын хүчний онгоцнууд өчигдрөөс /2020.03.23/ Италид очиж эхэлсэн билээ.
Кремлиэс мэдээлснээр энэхүү тусламж нь буцалтгүй, ямар нэгэн болзолгүй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр Италид коронавирусний халдвартай тэмцэхэд нь үзүүлж буй тусламжийнхаа хариуд Орос улс ямар нэгэн болзол, мөнгө төгрөг хүлээхгүй аж.
Владимир Путин болон Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте нар утсаар коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ярьсны дараа ОХУ тус улсад цэргийн вирус судлаач эмч нар болон эмнэлгийн тоног төхөөрөмж илгээхээр болсон билээ.
Эдгээр онгоцоор Оросоос 100 орчим цэргийн мэргэжилтэн Италид иржээ. Италид коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянгад хүрч, 5400 хүн нас бараад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.