Мах болон гурилын нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсэхгүй

Мах болон гурилын нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсэхгүй

-“Тусгаарлалт-14 хоног-COVID-19” гэсэн анхааруулах наалт, тэмдэглэгээтэй бүсэд нэвтрэхгүй байхыг анхаарууллаа-

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Энэ сарын 22-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим шийдвэрийг гаргасан. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор орж гарах иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 23-ны 20:00 цагаас зогсоох, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтын хөдөлгөөнийг энэ сарын 28-ны 06:00 цагт хаахаар болсон. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг ирэх сарын 5-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулах, Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор Монгол Улсын иргэдийг татаж авах асуудлыг УОК-ын шийдвэрээр тухай бүрд нь шийдвэрлэж байхаар тогтсон. Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Дорнод, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Завхан аймагт тусгаарлалтад байгаа иргэдтэй холбоотойгоор тус аймгуудын онцгой комисст шуурхай штабаас холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Түр тусгаарлан ажиглах 14 хоногийн хугацаа дууссан иргэдийг үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлах ажлыг зохион байгуулна. Тухайн иргэд гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Гэрээр тусгаарлагдсан иргэдийг хянах гар утасны аппликейшн болон хөршийн хяналтыг зохион байгуулна. Ажлын хэсгүүд нүүрсний тээврийн асуудалтай газар дээр нь танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгөх, шийдвэрлэх зорилгоор Дорноговь аймагт ажиллаж байгаа. ОХУ-ын Ташанта боомт, Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан энэ сарын 23-нд ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлтгэж, байрлуулах ажлыг зохион байгуулж байна" гэлээ. ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле "Хүнсний хангамж хэвийн байгаа. Өнөөдрийн байдлаар 279 дэлгүүрт нөөцийн мах борлуулж байна. 12 мянган тонн мах нөөцөлсөн байсан. Мах экспортлохгүй байгаа учир аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн махаа дотооддоо нийлүүлж байгаа. Тиймээс махны хомсдолд орохгүй. Нөөцийн махны үнийн хувьд хонины ястай мах 6700, үхрийн ястай мах 7700, ямааны ястай махыг 6200 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Хил гааль дээр хүнсний тээврийн автомашинуудыг өндөр хяналт дор саадгүй оруулж байгаа. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтвортой байлгах, хомсдол үүсэхээс сэргийлэх зорилгоор ОХУ-аас болон тус улсаар дамжин ирж буй хүнсний бүтээгдэхүүн буюу улаанбуудай, элсэн чихэр, ургамлыг тос гэх мэт бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. ХХААХҮЯ-нд таван шуурхай штаб ажиллаж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмсэн тохиолдол гарвал малчин лавлах 109 утсаар иргэдийн мэдээллийг авч, мэдээллийн мөрөөр үнэ нэмсэн газруудад зохих байгууллагуудтай хамтарч арга хэмжээ авч байгаа гэдгийг тодотгон хэлье” гэсэн юм.

Он гарснаас хойш манай улсын 21 мянган иргэн эх орондоо ирсэн

Уг мэдээллийн дараа Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Шинэ коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн энэ цаг үед дэлхийн олон орон хилийн хориг тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэд эх орондоо ирэх боломж хумигдаж байна. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 21 мянган иргэн эх орондоо ирсэн. Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Бид Элчин сайдын яамдаараа дамжуулан тухайн улс оронд авч хэрэгжүүлж байгаа сэрэмжлүүлэг, зайлшгүй дагаж мөрдөх журам, цаг үеийн мэдээг иргэддээ тогтмол түгээж байгаа. ОХУ гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. БНХАУ-д шинэ коронавирусний халдвар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа учраас гадаадаас ирж буй бүх хүнд өндөр хяналт тавьж, 14 хоног тусгаарлах болсон. Тиймээс иргэд БНХАУ, ОХУ-аар дамжиж эх орондоо ирэх боломжгүй боллоо. Гадаадад байгаа иргэдийг дахин тусгай үүргийн онгоцоор татаж авах эсэх асуудлыг их асууж байна. Энэ асуудлаар Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, МИАТ зэрэг газруудад өргөдөл өгөх шаардлагагүй. Хэрвээ тусгай үүргийн нислэг үйлдэгдэх нь тодорхой болсон тохиолдолд тухайн иргэн энгийн үеийн горимоор л тасалбараа худалдан авах боломжтой. Түүнчлэн ГХЯ, Улсын онцгой комиссын шуурхай штаб дээр гадаадад зорчих иргэдийн бүртгэл хийхгүй гэдгийг хэлье. Оршин суугаа орныхоо Засгийн газраас өгч байгаа зөвлөмжийг дагаж, тайван байдлаа хангана уу. Бид мэдээллийг тухай бүрд нь авч солилцож, иргэдэд хүргэж байгаа” хэмээн мэдээллээ. Шуурхай штабын мэдээллийн төгсгөлд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Улаанбаатар хотын 10 байршилд болон аймгуудад тусгаарлалтад байгаа иргэдийг нэг бүрчлэн танилцуулав. Турк улсын ЭСЯ-нд хоёр хүнийг ажиглалтад авсан байгааг хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд урьдчилан сэргийлэх ажлуудыг өргөн хүрээнд хийж байгаа. Шинэ коронвирусний халдвараас сэргийлэх тухай гарын авлагыг гаргаж, дагаж мөрдөж байна. Олон улсын ачаа тээвэр Боршоогоос Увс-Улаангом болон Баян-Өлгийгөөс-Өлгий хот гэсэн хоёрхон маршрутаар явж байгаа. Олон улсын ачаа тээвэр бүгд “Тусгаарлалт-14 хоног-COVID-19” гэсэн анхааруулах наалт, тэмдэглэгээтэй явж байгаа. Энэ наалтыг зарим айлын хаалган дээр ч наахаар төлөвлөж байна. 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэмээ сахихгүй байгаа айл гарах юм бол цаашид гэрийн хаалган дээр нь уг тэмдэгтийг наана. Тиймээс иргэд ийм тэмдэглэгээтэй газрыг аль болох тойрч явахыг анхаарах хэрэгтэй” хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.