Коронавирусний тархалт намжихгүй бол ЯДУУРАЛ НЭМЭГДЭНЭ
Коронавирусний тархалт дэлхий даяар тархаж, улс орнууд уг өвчнийг харьцангуй бага хохиролтой даван туулахыг хичээцгээж байна. Гэвч вирусний тархалт намжихгүй, голомтууд эргэн сэргээд байвал дэлхийн эдийн засагт ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх нь гэдэгтэй олон улсын судалгааны байгууллагууд байр суурь ижил байгаа юм.
Вирустэй холбоотойгоор улс орнуудын үйлдвэрлэл, үйлчилгээ зогсоох, эдийн засгийн хамтын ажиллагаа удаашрах, эдийн засаг агших зэрэг асуудлууд хэдийнэ бий болсон. Иргэн хүний амьдралд энэ нөлөөлөл тусахдаа цалин, орлогод нь тасалдал үүсэж байгаа юм. Тэгвэл ийм нөхцөл байдал үргэлжилвэл ядуурал нэмэгдэх, бүр цаашлаад удаан хугацаанд үргэлжилвэл хүмүүн капитал, дэд бүтцийн хөгжилд сөргөөр нөлөөлөхөөр байгааг судлаачид бичиж байна.
ДЭМБ-аас коронавирусийг энэ сарын 11-ний өдөр цар тахал гэж албан ёсоор зарласны дараа олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг буурууллаа. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ өнгөрсөн жил 2.9 хувиар өссөн дэлхийн эдийн засгийг энэ онд вируснээс хамааран 1.5 хувь болж буурах магадлалтай гэсэн бол Эдийн засгийн тандалт судалгааны нэгж (EIU) байгууллага 1 хувиар өснө гэсэн таамаглалыг хийгээд байгаа юм. Харин Bloomberg, Mckinsey агентлагуудын шинжээчид энэ онд дэлхийн эдийн засаг өсөлтгүй байна гэсэн таамаглалыг хийж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.