БНСУ дайны үеийн албадан хөдөлмөрийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө зарлав
Өмнөд Солонгосын засгийн газар Дэлхийн 2-р дайны үед иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн Японтой эртнээс маргаантай асуудлыг зохицуулах төлөвлөгөө дэвшүүллээ. Дайнаас хойшхи хоёр талын харилцааг гол сэвтүүлж байгаа асуудлыг шийдвэрлэхэд энэ алхам чиглэсэн гэж Сөүл мэдэгдэж байна.
Өнөөдөр зарласан энэ төлөвлөгөөгөөр бол, дайны үед Японы үйлдвэр аж ахуйн газруудад хүнд хүчир албадан хөдөлмөр эрхэлж байсан өмнөд солонгосчууд, тэдний төрөл төрөгсдөд японы компаниудын өмнөөс Өмнөд Солонгосын засгийн газар нөхөн төлбөр олгохоор заасан байна. Энэ хэрэгт холбогдолтой компаниудыг татан буулгалгүйгээр асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөн дээр Сөүл ажиллаж байгаа юм байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль албан тушаалдаа орсон цагаасаа Японтой харилцааг сайжруулах тухайд шийдмэг байр сууриа харуулж байгаа.
Өнгөрөгч лхагва гарагт тэрээр Япон улсыг Өмнөд Солонгостой “нийтлэг үнэт зүйлстэй түнш орон” хэмээн мэдэгджээ. Мөн хоёр улс аюулгүй байдал, эдийн засаг болон дэлхий нийтийн чанартай асуудлуудад хамтран ажиллаж байгааг дурджээ. Улмаар хоёр улсын харилцааны хамгийн ужиг сэдэв болсон дайны үеийн албадан хөдөлмөр эрхлүүлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл боловсруулж харилцааг улам сайжруулахыг зорьж байна. Гэвч энэ талын зарга мэдүүлэгчдийн зарим нь засгийн газраас эрх олгогдсон тусгай сангаас нөхөн төлбөр хүлээж авахгүй гэж мэдэгддэг байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин өнгөрөгч 7-р сард Японд анх удаа албан ёсоор айлчлах үеэрээ, албадан хөдөлмөрийн асуудалтай холбоотой боломжийн шийдэл олохын төлөө засгийн газар нь хүчин чармайлт гаргана гэдгийг мөн мэдэгдэж байсан. Ийм гомдолтой хүмүүст Японы компаниудыг нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон шийдвэр 2018 онд Өмнөд Солонгосын Дээд шүүхээс гарсан байдаг. Энэ хэрэгт нэр холбогддог Японы “Мицубиши хэви индастрис” болон “Ниппон стиил корп” компаниуд харин энэ асуудлыг, 1965 оны хэлэлцээрээр бүрэн шийдвэрлэгдсэн гэж үзэж нөхөн төлбөр төлөхөөс татгалздаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.