БНСУ-ын зэвсгийн экспорт өнгөрсөн онд огцом нэмэгджээ
БНСУ-ын зэвсгийн экспорт өнгөрсөн онд 140 хувиар өсөж, 17.33 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн гэж “The New York Times” сонин мэдээлжээ.
Украинд дайн эхэлснээс хойш Өмнөд Солонгосын эрх баригчид Киевийн эрх баригчдад зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, энэ шийдвэрээ тууштай баримталсаар байгаа бөгөөд Украинд зэвсэг нийлүүлэхийн оронд "дэлхийн зэвсгийн цоорхойг нөхөхөд" гол анхаарлаа төвлөрүүлсэн гэж сонинд бичсэн байна.
Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын зэвсгийн хамгийн том худалдан авагч нь Польш улс байжээ. Тус улс Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчидтэй танк, охор их буу, сөнөөгч онгоц, пуужин харвагч зэрэг зэвсгийг Варшавт нийлүүлэх 12.4 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Өмнөд Солонгосын зэвсэг Зүүн Европын олон орны анхаарлыг татах болоод байна гэж “The New York Times”-ын нийтлэлд онцолжээ.
2017-2021 онд БНСУ-ын батлан хамгаалахын аж үйлдвэрийн өсөлт зэвсэг экспортлогч хамгийн том 25 орны дунд хамгийн өндөр хувьтай гарчээ. Үйлдвэрлэлээ хурдасгахын тулд Өмнөд Солонгосын зэвсэг үйлдвэрлэгчид үйлдвэрээ өргөжүүлэх боломжийг хайж байна. Тухайлбал, “Hanwha Defence” компани “K9 Thunder” өөрөө явагч охор их бууны үйлдвэрээ Австралид байгуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна, Сөүлээс Варшавт нийлүүлж буй ийм ихэнх их бууг дотоодынх нь үйлдвэрүүдтэй хамтран Польшид угсрахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.