Талийгаач И Сун Гюүнээс мөнгө нэхэж, нэр төрд нь халдсан хоёр эмэгтэйг баривчилжээ.
Талийгаач жүжигчин И Сун Гюүнээс мөнгө нэхэж, нэр төрд нь халдсан хэргээр 28 настай А, 29 настай Б гэх хоёр эмэгтэйг өнгөрсөн долоо хоногт баривчилсан билээ.
Энэ сарын 5-ний өдөр YouTube-ийн Caracula Crime Lab хэмээх суваг дээр уг эмэгтэйчүүдийн хохирогч болж байсан өөр нэгэн эрэгтэйн яриаг дэлгэжээ. Тус бичлэгт сэжигтэн өмнө нь залилангийн хэргээр шүүхэд дуудагдаж байсан тухай дурдсан бөгөөд аавтайгаа муудалцан харилцаагаа тасалсны улмаас мөнгөний асуудалд орж, И Сун Гюүнийг сүрдүүлж, мөнгө нэхсэн гэжээ.
Түүний хохирогч хэмээн өөрийгөө нэрлэсэн эр нийт 91.5 сая вон залилуулсан тухайгаа ярьсан бөгөөд "Эхний ээлжинд тэр надаас 20 сая вон бизнест нь хөрөнгө оруулаач хэмээн зээлсэн, дараа нь шоронд орчихвол мөнгийг чинь өгч чадахгүй гэж сүрдүүлээд мөнгө авсан" хэмээсэн байна.
Талийгаачаас 350 сая вон нэхсэн А гэх эмэгтэй өмнө нь жүжигчин байсан бөгөөд олон ангит кинонд хоёр удаа дүр бүтээж байжээ. Түүнийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, мөнгө авахыг завдсан хэрэгт буруутгаж байгаа аж. Тэрээр талийгаачаас авсан мөнгөнийхөө тодорхой хэсгийг гэр бүлийнхэндээ зарцуулсан болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Түүнийг хүүхдийнх нь хамтаар саатуулан баривчилсан байна.
Мөрдөн байцаалтын үеэр дээрх хоёр этгээд гэмт хэрэгт холбогдсон ч уг хэргийг хамтарч бус тус тусдаа бие даан үйлдсэн болохыг тогтоожээ.
Өмнө нь залилангийн хэргээр ял шийтгүүлж байсан А гэх эмэгтэй хар тамхины хэрэгт нийт 6 удаа холбогдож байжээ. Сэжигтнүүд хоригдож байх хугацаандаа танилцсан бөгөөд суллагдсныхаа дараа нэг орон сууцны хороололд 7 жил хөрш зэргэлдээ амьдарчээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр харилцаа нь муудсан тэд өмнөх оны аравдугаар сард хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа цагдаагийн газар зодолдож, И Сун Гюүтэй холбоотой байсан эмэгтэйг сэжигтэн А хар тамхи хэрэглэсэн хэмээн цагдаа нарт мэдүүлсэн байна. Үүнээс үүдэн цагдаа нар А-г өс хонзонгийн сэдэлтэйгээр Б-г сүрдүүлж, И Сун Гюүнээс мөнгө нэхсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа ажээ.
Одоогийн байдлаар сэжигтэн Б-ын дурдсан үл мэдэгдэх хакер чухам хэн болох нь тодорхойгүй байгаа ч цагдаа нар сэжигтэн А нь тус хакертай хамтарсан байж болзошгүй хэмээн таамаглаж буйгаа дурдсан байна.
Эх сурвалж : Zindaa.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.