Пентагоны тэргүүн Афганистанд гэнэтийн айлчлал хийжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ням гарагт Кабулд гэнэтийн айлчлал хийлээ.
Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлснээр, тэрбээр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Афганистан дахь АНУ, НАТО-гийн хүчний командлагч, дэслэгч генерал Скотт Миллер, Афганистан дахь АНУ-ын хэргийг түр хамаарагч Росс Вилсон нартай уулзсан байна. Остин “Афганистаны нөхцөл байдлыг илүү сайн ойлгож мэдэхийн тулд" тус улсад айлчилсан гэж мэдээлэлд онцолжээ.
Афганистаны Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр. Гани, Остин нар “хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний хүчирхийлэл улам нэмэгдэж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна”. Тэд мөн "Афганистан дахь өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулах шийдвэрийн гол зорилго нь бат бэх, шударга энх тайвныг тогтоох явдал юм" гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мэдэгдэлд дурдсанаар, Пентагоны тэргүүн "Афганистаны эрх баригчидтай энэ чиглэлд хамтран ажиллахад" бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ "CNN" телевизээр мэдээлснээр, Пентагоны тэргүүн айлчлалынхаа үеэр Афганистанаас цэргүүдээ татахтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
АНУ, “Талибан” хөдөлгөөний хооронд өнгөрсөн онд байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар талуудын хооронд санал зөрөлдөөн үүсээд байгаа үед Остин Кабулд айлчилсан байна. Уг гэрээний гол заалтуудын нэг бол энэ оны тавдугаар сарын 1-ний дотор АНУ-ын цэргүүдийг Афганистанаас гаргах юм.
Афганистанаас Америкийн цэргүүдийг гаргах хугацааны талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эцсийн шийдвэрийг гаргаагүй байна гэж Пентагоны тэргүүн өмнө нь Шинэ Делид айлчлах үеэрээ мэдэгджээ. АНУ-ын Засгийн газар “энэ асуудлыг хэлэлцэхдээ ложистик тал дээр тулгуурлаж, "аль болох олон боломжийг нээлттэй үлдээж байгааг" сайд цохон тэмдэглэсэн байна.
Афганистанд 19 орчим жилийн турш үргэлжилсэн дайныг дуусгах найрамдлын хэлэлцээрийг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Талибан” хөдөлгөөнтэй 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Катарын нийслэл Доха хотноо байгуулсан билээ. Уг гэрээнд заасны дагуу АНУ болон тус улсын холбоотнууд Афганистан дахь цэргүүдээ 14 сарын дотор тус улсаас гаргах үүргийг хүлээжээ. Харин талибууд үүний хариуд Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан АНУ болон түүний холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлэх оролдлого хийх боломжийг “Аль-Каида” болон бусад бүлэглэлд олгохгүй байх үүргийг хүлээсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.