Токиогийн бүсэд онцгой байдлын дэглэмийг цуцаллаа
Японы нийслэл Токио хот болон зэргэлдээх Сайтама, Чиба, Канагава мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийн хэрэгжих хугацаа ням гарагт дууслаа.
Японд коронавирусний халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонтой холбогдуулан энэ оны нэгдүгээр сараас Токиогийн бүсэд онцгой байдал тогтоосон бөгөөд тухайн үеэс хойш нийслэлд халдварын шинэ тохиолдлын тоо 80 хувиар буурчээ. Токиод ням гарагт халдварын 256 тохиолдол шинээр илэрч, дөрвөн хүн нас барсан байна.
“Халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэхээс сэргийлэх хэрэгтэй байгааг хүн бүхэн ойлгоосой гэж хүсэж байна. Мөн халдварын дөрөв дэх давлагаанаас сэргийлэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг та бүхнээс хүсье” гэж Токио хотын захирагч Койкэ Юрико мэдэгджээ.
Сакура цэцэглэж буйг үзэж сонирхохоор хүмүүс цуглардаг газруудад халдвар тархаж болзошгүйд мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Токиогийн “Ueno” хүрээлэн үдэшлэг зохион байгуулахаас сэргийлэн түр хаалт байрлуулжээ. Үүний зэрэгцээ шөнийн цагаар интоорын моддыг гэрэлтүүлдэг байсан бол энэ жил ийм ажиллагаа зохион байгуулахгүй ажээ.
Мөн Засгийн газар зоогийн газар, шөнийн цэнгээний газруудаас эрт хаахыг үргэлжлүүлэн хүсэж, компаниуд ажилтнуудаа алсаас ажиллахыг зөвшөөрнө.
Эрүүл мэндийн сайд Тамүра Норихисагийн мэдээлснээр, Засгийн газар онцгой байдлын дэглэмийн хэрэгжих хугацаа дууссан ч халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ хэрэгжүүлсэн хэвээр байна. Мөн галт тэрэгний буудал гэх мэт хотын тодорхой байршлуудад “PCR” шинжилгээний төв байгуулахыг холбогдох албаны мэргэжилтнүүдээс хүсэх юм.
Японд өнгөрсөн сараас “Pfizer-BioNTech” компанийн вакцинаар эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулж эхэлсэн юм. Т.Норихисагийн мэдээлснээр, эрх баригчид “AstraZeneca”, “Moderna” компанийн вакцинуудад тавдугаар сарын сүүлээр зөвшөөрөл олгож магадгүй байна.
Японд улсын хэмжээнд ням гарагт халдварын 1100 гаруй тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 457 мянга давжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.