Таван улсын иргэд Токиогийн Олимпыг зохион байгуулахыг эсэргүүцэж байна.

Таван улсын иргэд Токиогийн Олимпыг зохион байгуулахыг эсэргүүцэж байна.

 АНУ, БНХАУ, Франц, Тайланд, БНСУ-ын иргэдийн дийлэнх нь коронавирусний цар тахалтай холбогдуулан Токиогийн зуны Олимпын наадмыг цуцлах эсвэл хойшлуулахыг дэмжиж байгааг Японы судалгааны хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Токиогийн Олимпыг зохион байгуулахыг Тайландын иргэд хамгийн их эсэргүүцэж байна. Тус улсын иргэдийн 95.6 хувь нь Олимпын наадмыг цуцлах эсвэл дахин хойшлуулахыг дэмжжээ. Хоёрдугаарт, өмнөд солонгосчууд /94.7 хувь/, гуравдугаарт хятадууд /82.1 хувь/ орсон байна. Түүнчлэн АНУ /74.4 хувь/, Францын /70.6/ иргэдийн дийлэнх нь цар тахлын нөхцөлд зуны Олимпын наадмыг зохион байгуулах шийдвэртэй санал нийлэхгүй байна.

12 дугаар сараас нэгдүгээр сарын хооронд явуулсан судалгаанд улс бүрээс 1000 хүнийг оролцуулжээ.  

Энэ зун болох Олимпын наадмыг коронавирусний цар тахлын улмаас гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулах шийдвэрийг "Токио 2020" олимпыг зохион байгуулах хороо, Олон Улсын Олимпын Хороо, Олон улсын паралимпын хороо  өнгөрөгч бямба гарагт гаргасан билээ.

Наадмын тасалбар худалдан авсан гадаадын үзэгчдэд төлбөрийг нь буцаан олгоно гэдгээ Японы Олимпын хороо мэдэгдсэн юм. "Токио 2020" олимпыг зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Тоширо Мутогийн мэдээлснээр,  гадаадын үзэгчид Олимп, Паралимпын наадмын 630 мянга орчим тасалбар худалдан авчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.